Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн гарч байна

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар , Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн"-г энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэн “Мишээл экспо” төвд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй. Энэ хүрээнд дээрх арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээг зохион байгуулагч МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “Энэ үзэсгэлэнгээр Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа эрчим хүчний дэвшилтэт техник технологи, сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэгцээнд ашиглах бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьж байна. Өнөөдөр эрчим хүчний хууль, хэрэгжилтийн талаар панель хэлэлцүүлэг болж байна. Маргааш олон улсын компаниуд өөрсдийн эрчим хүчний хэмнэлттэй техник, тоног төхөөрөмжийн талаар танилцуулгууд хийнэ. Энэ үзэсгэлэнд маань ОХУ болон БНХАУ-аас компаниуд оролцож байна. Та бүхэн эдгээр байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллах болон үзэсгэлэнд оролцож буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнтэй ирж танилцаарай" хэмээн онцлов. 

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тогтмол хангах нь бидний тулгамдсан асуудал болоод байна. Эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх, ашиглалтад орох хугацаанд бид эрчим хүчнийхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хэрхэн хангах, хэмнэлтээр орлуулан хэрэгцээгээ хангах асуудал хамгийн чухал ажил юм. Үүний хүрээнд Эрчим хүчний яамтай хамтраад эрчим хүчний хэрэгцээг удирдах хөтөлбөр арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. Дэлхий нийт, олон улсын хэмжээнд эрчим хүчний үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээг дэмжих, тогтвортой, байгаль орчинд ээлтэй хүлэмжийн хий ялгаралтай бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа учраас эрчим хүчний зүй зохистой хэрэглээг уриалмаар байна” гэлээ.

Үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологио танилцуулж, бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Түүнчлэн Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцож дараах төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгээд байна. Үүнд:

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт,
-Дулааны насос, агаар сэлгэлт
-Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө
-Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн
-Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем
-Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл
-Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн аппликейшн
-Монгол гэрийн халаалтын шийдэл, батерей хуримтлуурын систем
-Ахуйн ус цэвэршүүлэгч, насос зэрэг багтжээ.